MҮХАҮТ-аас зохион байгуулсан арга хэмжээнд Монгол эрдэмтэд оюуны бүтээлээрээ оролцов  


748

Нийтэлсэн

17.06.05

Share

ШУТСангаас санхүүжигдсэн төслийн үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнтэй бизнесийнхэн танилцаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах тухай болон бүтээгдэхүүний үнэ, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ач холбогдол, үйлдвэрлэлийн хүчин чадал зэргийг сонирхлоо. 


АНУ-ын Цахиурын хөндийг хуулбарлахаас илүүтэй Монгол хөрсөнд буусан инновацийн экосистем чухал байгааг илтгэгч нар онцолж, инновацийн санг байгуулж, намрын чуулганаар хэлэлцэгдэх Инновацийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдах асуудалд баялаг бүтээгч нар саналаа хүргүүлэхэд идэвхтэй оролцох зэрэг олон асуудлыг хөндсөн юм. 


Инновацийн баялаг үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, АШУҮИС, Монхимо, Армоно корпораци, их, дээд сургуулийн дэргэдэх гарааны компани зэрэг 11 эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн 50 гаруй төлөөлөгчид "Инновацлаг бизнес-2-бизнес" уулзалтад оролцлоо. 


Хөтөлбөрийн дагуу БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Их, дээд сургуулийн хотхон байгуулах төслийн зөвлөх Ш.Алтанбадралт, "Анд глобал финтех" ХХК-ийн захирал С.Оюун нарын тавьсан "Төрөөс инновацийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, өнөөгийн байдал", "Венч сан Монголд", "Инновацийг дэмжих асуудал бусад орнуудын чиг хандлага" "Санхүүгийн инноваци" зэрэг сонирхолтой илтгэлээс бизнесийнхэн, инноваци бүтээгч нар багагүй шинэ санаа, санаачилга, шийдэлтэй хоцорсон нь лав. 


Энэхүү чөлөөт уулзалтад урилгаар оролцсон МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх Төмөрчулуун, УИХ-ын гишүүн, инновацийг дэмжих улс төрийн лобби бүлгийн тэргүүн, "Инновацийн клуб"-ийн ерөнхийлөгч Н.Учрал нар төрөөс инновацийг дэмжин дэлгэрүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нь эдийн засгийг солонгоруулж, хөгжлийг түргэтгэж, баялгийг авчрах суурь нь гэдгийг онцолж тун удахгүй амьдрал дээр харуулах болно гэлээ.

 

 

 

 

 

 

 

 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.