“Манжуур-2017” үзэсгэлэнд амжилттай оролцсон монголын шинжлэх ухааны салбарынхан богц дүүрэн “ҮҮЦ”-ээ задаллаа


2195

Нийтэлсэн

17.07.18

Share

2017 оны олон улсын 14 дэх удаагийн “Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн” БНХАУ-ын Манжуур хотноо энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж манай шинжлэх ухааны салбараас 60 гаруй төлөөлөгч оролцож, Монгол брэндээ танилцуулангаа шинэ түншлэгчидтэй болж, ганзага дүүрэн богцтой ирцгээлээ.

 

 

 


Зүүн хойд Азийн бизнесийн төвлөрөл болсон  Манжуурын үзэсгэлэнд энэ жил дэлхийн 22 орны 1000 гаруй төлөөлөгч оролцсон ба оролцогч улс орнууд тухайн жилдээ бүтээсэн шинжлэх ухааны хамгийн шилдэг, шилмэл шинэ техник, технологийн ноу хауг экспортын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн таниулж, технологи дамжуулалт, худалдан авалт, харилцан түншлэл тогтоох, мэдлэг, мэдээлэл солилцох зорилгооор жилдээ нэг удаа ийнхүү хуран чуулдаг уламжлалтай билээ.
Манай орны хувьд шинжлэх ухааны салбартаа тэргүүлэгч эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 40 орчим байгууллага 200 гаруй нэр төрлийн ургамал, амьтан, биологийн гаралтай эм, эмчилгээний биобэлдмэл, арт урлал, гоо сайхан, хүнс, цагаан идээ, арьс шир, ноос ноолуур зэрэг инновацийн эко бүтээгдэхүүнээрээ Манжуурын үзэсгэлэнд оролцсон юм.
“ТОРГОНЫ ЗАМ”-аар нэгдсэн Хятад, Орос, Белорусь, Солонгос, Пакистан, Тайланд зэрэг 22 оролцогч орны  шинэ технологи, бараа бүтээгдэхүүн дундаас эко нэрийн “шошго”-той Монгол инновацийн бүтээгдэхүүн нэр төрөл, чанараараа ялгарч, үзэсгэлэнтэй танилцахаар ирсэн орон  орны төлөөлөгчдийн сонирхлыг татаж, ялангуяа хоёр хөрш орны зочин байгууллагуудын анхаарлын төвд байж чадлаа.

 


Тиймээс зохион байгуулагч БНХАУ-ын талаас “Арван дөрөв дэх удаагийн БНХАУ-ын Манжуур хотын Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн”-гийн 2017 оны  “Шилдэг зохион байгуулагч орон”-оор Монгол Улсыг онцолж энэ жилийн өргөжлөлийг гардуулсан юм.
Манай ШУТС жил бүр олон улсын үзэсгэлэнд Монгол талын хариуцагчаар оролцдог бөгөөд 2017 оны хувьд илүү үр дүнтэй, өргөн агуулгатай, өндөр зохион байгуулалттай оролцсоныг ийнхүү үнэлсэн байна. Үзэсгэлэнгийн хаалтын өдөр  Манжуур хотын орлогч дарга Gao Wen Xe, тус хотын Шинжлэх ухааны мэргэжлийн газрын дарга Jiang Zhi нар Монгол Улсын төлөөлөгчдийн Ажлын хэсгийн ахлагч, ШУТС-гийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга Д.Одончимэгийг хүлээн авч уулзаж, талархал дэвшүүлэн Манжуурын үзэсгэлэнгийн дээд шагналыг гардуулсан нь энэ жилийн олон улсын хэмжээний  бас нэг том амжилт байлаа.

 

 


Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэнд гадаад хамтын ажиллагааны эхлэл суурийг тавих “Санамж бичиг”-ийг олон улсын гурван байгууллагатай үзэглэж, гадаадын хоёр байгууллагатай аман хэлэлцээр хийж харилцан тохиролцоонд хүрч чадсан төдийгүй Монголын эко бүтээгдэхүүний экспортын борлуулалт хамгийн өндөр байж шинжлэх ухааны салбарынхны томилолт богц дүүрэн “үүц”-тэй жил байсныг онцлох хэрэгтэй.
Үзэсгэлэнгийн эхний өдрөөс Монголын шинжлэх ухааны салбартай хамтран ажиллах олон улсын санал ирж байлаа. Хамгийн эхний санал Технологийн дээд сургуульд ирж БНХАУ-ын Ухань хотын Техник, технологийн их сургууль хооронд залуу эрдэмтэн, судлаач оюутан солилцох талаар манай Ажлын хэсэг ярилцаж улмаар энэ хичээлийн жилээс “Санамж бичиг” байгууллах болсон нь олон улс дахь хамтын ажиллагааны “салхи”-ийг хагалж өгсөн юм.

 

 

 

 

Удаахь өдөр нь ОХУ-ын төлөөлөгчтэй санал солилцож улмаар хоёр орны эрс тэс улиралд дасан зохицсон ган болон хүйтэнд тэсвэртэй тэжээлийн олон наст үр солилцох, тэжээлийн ургамлын селекци, ургамлын сорт, сорилтын хамтарсан судалгаа хийх, судалгааны хүрээнд эрдэмтэн, судлаач солилцох зэрэг 6 чиглэлээр хамтран ажиллахаар манай Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Буриадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнтэй эхний “Санамж бичиг”-ээ байгууллаа. Гурван талт “Санамж бичиг”-ийг  Буриадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга М.Н.Сордонова, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Нарантуяа нар баталгаажуулж, ШУТС-гийг төлөөлж Ажлын хэсгийн ахлагч Д.Одончимэг, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнг төлөөлж салбарын эрхлэгч, доктор Ц.Дэжидмаа нар тус тус гарын үсэг зурж хамтран ажиллах гадаад харилцааны эхлэлээ тавьсан юм.


Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хоёр дахь түншлэгч орон ӨМӨЗО байлаа. Тус орны Ордос аймгийн Отгын өмнөд хошууны Орчин үеийн Мал аж ахуйн мэргэжлийг судлах газрын дарга Б.Мөнхдалайтай байгуулсан “Санамж бичиг”-т ноос, ноолуурын чиглэлийн ямааны үржил, селекцийн хамтарсан судалгаа хийх, хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын орчин үеийн биотехнологийн дэвшилтэт технологи дамжуулах, инновацийн бүтээгдэхүүн нутагшуулах, түгээн дэлгэрүүлэн сурталчлахад илүү анхаарах зэрэг олон саналыг тусгасан ба талуудыг төлөөлж Монголын талыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Д.Одончимэг, МААЭШХ-ийн Салбарын эрхлэгч, доктор П.Мягмарсүрэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

 


Монголын талаас 3 дахь түншлэгчээ ӨМӨЗО-ы Биотехнологийн хүрээлэнтэй байгуулж манай Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор М.Бямбасүрэн, Д.Одончимэг нар гарын үсэг солилцож, ургамал хамгаалах, биологийн бүтээгдэхүүн гаргах, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боллоо.


Түүнчлэн “Нэг бүс-нэг хөгжил шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа ба инноваци дээд хэмжээний уулзалт“-нд 6 орон илтгэл тавьснаас Монголоо төлөөлөн Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ШУТС-гийн зөвлөх, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Лхагвадорж, Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Жимс, чимэглэлийн ургамлын секторын эрхлэгч, доктор Д.Оюунчимэг нар Монголын шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээ, суурь судалгаа, инновацийн экосистем, хүрээлэнгүүдийн дэргэдэх гарааны компаниудын үйл ажиллагаа, хөгжлийн талаар бүс нутгийн 22 орны удирдлагуудын өмнө илтгэл тавьсан юм.

 

 

 


Ийнхүү Монголын нэрийн хуудас болсон эрдэмтэн, доктор, эрдэм шинжилгээний ажилтан, инноваци бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгч, бодлого баригчдын төлөөллийн бүрэлдэхүүнтэй манай багийнхан Монгол брэндээ дэлхий дахинаа таниулан сурталчлах, түншийн холбоо тогтоох бизнесийн хүрээллээ тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцож, тус бүртээ мэдлэг хуримтлуулж, туршлагаа баяжуулан, алдаа оноогоо дэнсэлж, монгол эрдэмтдийн өмнө ямар боломж нээлттэйг олж харах, олон улсад технологи дамжуулах гүүр гарц бий болгох олон зорилго дэвшүүлсний нэг хэсэг биелэлээ олсон гэхэд болно.
Олон улсын 14 удаагийн үзэсгэлэнд оролцох төлөөлөгчдийг томилолтьн урд өдөр хуралдуулж, удирдлага, чиг үүргээр хангах зорилгоор “үүрэгдсэн” ШУТС-гийн Д.Энхжаргал захирлын “Аялал-Ажил-Адал явдал-Амжилт”-тай яваад ирээрэй хэмээсэн захиас энэ үг томилолтын маань уриа болсон билээ. Юутай ч захирлын дээрх ерөөл “Манжуур 2017” багийн гишүүн бүрт итгэл даах үнэ цэнэтэй, онч үг байж чадсан тул манай багийн гишүүн бүр уриагаа нэр төртэй хамгаалж, үзэсгэлэндээ амжилттай оролцоод “богц”-оо задалж буй нь энэ.

 

 

 

 

 

 


Багийнхныг маань уриатай болтол нь “хурцалсан” Д.Энхжаргал захирлын “Аялал-Ажил-Адал явдал-Амжилт”-ын үүрэг, даалгаврын үр дүнг энэ жилийн “Манжуур 2017” төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Та бүхэн тун удахгүй ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна.
Дараа онд энэ жилийн амжилтаа ахиулж, дэлхийн тавцанд Монгол брэнд-Шинэ технологи - Технологи дамжуулалт - Аж үйлдвэрлэл нэвтрүүлэлтээрээ өрсөлдөх боломж нөхцлийг эрэлхийлсэн “Манжуур-2017” үзэсгэлэнд “Аялал-Ажил-Адал явдал-Амжилт” уриатай оролцсон 60 гаруй төлөөлөгчид шинжлэх ухааны салбарынхаа манлайлагчид нь ямагт байж, гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа бататгаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь арвин их амжилтанд хүрэх гарааны эхлэлээ энэхүү томилолтын  “үүц” задарсан энэ өдрөөс эхлүүлэх болтугай хэмээн ШУТС-гаас  санал дэвшүүлж байна.

 

 


Аян замын тэмдэглэлээс цухас дурдахад, УБ-Хэнтий-Дорнод-Манжуур чиглэлийн томилолтын багийнхныг нийслэлээс шиврээ бороо үдэж гаргаж өгсөн. Бэлгэ тохиоллоор урд хөршийнхний хүсэн хүлээж байсан бороог Монголоос хураа дагуулан очсон манайхан Манжуур хотын ганг тайлсан гэдгийг онцгойлох хэрэгтэй болов уу. Учир нь сүүлийн 3 сар Манжуурт бороо оролгүй гантай байсан ба үзэсгэлэнгийн 2 дахь өдөр тус хот гангаа тайлж улам өнгө нэмлээ.
Түүнээс гадна Монголоос хур бороотой ирцгээсэн манай төлөөлөгчдийн тав тухыг хангаж үзэсгэлэнгийн бүхий л өдрүүдэд үйлчилсэн Өвөр Монголын иргэн, орчуулагч хэлмэрч Хос-Эрдэнэ, Тэргэл нарын хүндэтгэлд “Баярлалаа, та хоёртоо”  хэмээн талархлын үгээ дайж, дараа жил таатай сайхнаар дахин уулзахын ерөөлийн мэндчилгээг дэвшүүлж үлдээе гэж бодлоо.
Монголчуудынхаа аян замыг ерөөж, сэтгэлийн үгээ дайсан Хос-Эрдэнэ, Тэргэл нарын бидэндээ хандсан үдэлтийн үг бүр нь үнэн, хүчтэй байсан төдийгүй Тэргэл охины дуулсан “Санахгүй байхын аргагүй ээ” дууны үг, ая  бидний сэтгэлийг хөглөж чадсан юм.

 

 


Томилолтын 9 хоногт шинэ танилын холбоо бэхжиж, адал явдал ихтэй, олон сайхан дурсамжаар хөтлөгдсөн биднийг  Монголдоо ирэх Манжуур-Дорнод-Хэнтий-УБ чиглэлийн аян замыг мөн л шиврээ бороо өнгөлж байсныг бэлгэшээн энэ цаг хугацааг мөнхлөж энэхүү шигтгээг орууллаа.
Энэ жилийн үзэсгэлэнд нэг баг болж хамтран ажилласан шинийг бүтээгч, эрч хүчтэй залуус Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.