Монгол инновацийн бүтээгдэхүүнээрээ танигдах улмаар олон орны эрдэмтдийн бүтээлтэй өрсөлдөх боломж олгох гүүр гарцтай боллоо


4127

Нийтэлсэн

17.08.05

Share

ШУТСан нь шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи төрийн бодлоготой уялдуулж оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын эрдэм шинжилгээний инновацийн бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй олон улсын түвшинд эдийн засгийн эргэлтэнд оруулж, зах зээлд нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх замаар баялаг бүтээгчдээ дэмжин “Е худалдаа”-ны платформ хөгжүүлэн ажиллаж байна.
Ажлын эхлэлийг эрчимжүүлж, амьдралд нэвтрүүлж бодит болгох үүднээс “ОЮУНЫ ҮНЭТ ЗҮЙЛ, ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ҮР ДҮНД БИЙ БОЛСОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ,ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г эрдэмтэн, докторуудтайгаа  өнөөдөр үзэглэлээ.

 


Ингэснээр төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл бүхий оюуны өмчийг зах зээлийн эргэлтэнд оруулах, эзэмших, ашиглах, ашиг орлогын хувь хэмжээг тогтоох онлайнаар зарж борлуулах зэрэг эрх зүйн зохицуулалтын шавыг тавьж байгаа юм.
Түүнчлэн Инновацийн тухай хуульд тусгагдсан инноваци, инновацийн үйл ажиллагаа, түүний удирдлага, хуваарилалт, дэд бүтэц, санхүүжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн судалгааны ажил буюу оюуны өмчийн шинэ бүтээлийн лиценз ашиглалтыг үйл ажиллагаагаар дэмжиж, оюуны өмчийн соёл нутагших бүрэн боломж бүрдэнэ.
Монгол оюунаа үнэлж, баялаг бүтээгчдээ дэмжсэн энэ арга хэмжээнд дараахь байгууллагууд хоёр талт гэрээ байгуулсан юм.
1.ШУТСАН - МУИС –ийн дэргэдэх “Гарааны Эм Би Пи Лаб” ХХК
2.ШУТС - МЭХ-ийн дэргэдэх “Гарааны нэмэлт тун” ХХК
3.ШУТС - ”Одь тан” ХХК /хандив өргөх/
4.ШУТС - ”Чорос – Онош” ХХК
5. ШУТС – “Үндэсний Стартап Фанд” ХХК
6. ШУТС –“Голомт” банк

 

 

 


Гэрээ байгуулагч талуудын удирдлагууд бүгдээрээ энэ арга хэмжээг хүсэн хүлээж байсан гэдгийг онцолж байсан төдийгүй анагаах ухааны онош оношлогооны ”Чорос–Онош” ХХК-ийг үүсгэн байгуулагч Монголын Анагаах ухааны хамгийн анхны ууган доктор, профессор Г.Жамба гуай гэр бүлийн хамт хүрэлцэн ирж үйл ажиллагааг маань дэмжсэн юм.  

 


Үйл ажиллагаанд оролцсон төлөөлөгчид эрдэмтдийн бүтээлтэй танилцаж, онлайн худалдаанд тавигдах бүтээгдэхүүний дээж болох эко бэлэг барилцаж, эв найрамдлын бэлэгдлийг илэрхийлсэн цайны ёслолоор Dr.Baatar нэрийн ядаргаа тайлах “Рашаан цай”, уушиг цэвэрлэх “Эрүүл уушиг”, халгайтай анагаах цайны цуглуулга бүхий “Дархлааны цай”, Ж.Батхүү докторын “100 наслаарай” цайг дээжлэн уунгаа нэрийн хуудас солилцож, халуун дотно оюунлаг яриа өрнүүллээ.

 


Мөн салбарын үйл ажиллагааг дэмжсэн сайн дурын хандивын ёслолын арга хэмжээ болсон ба энэ удаагийн “Хадивлагч 2017” өргөмжлөлийг уламжлалт эм үйлдвэрлэх, эмийн түүхий эд импортлох “Одь тан” ХХК-ийн хамт олонд гардуулснаар манай санд хандивлагч 4 байгууллагатай боллоо.
ШУТСангийн Д.Энхжаргал захиралын хэлсэнчлэн бидний хэрэгжүүлэхийг зорьсон ажлын эхлэл улам цааш ундарга ихтэй байх болно. Ялангуяа “Голомт” банктай "Картын интернэт худалдааны төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээ" байгуулснаар Монгол эрдэмтдийн инновацийн эко бүтээгдэхүүнийг зах зээлд нутагшуулж, баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, дотоод, гадаадад сурталчлах, худалдан борлуулах ажлыг эхлүүлж байгаагийн нэг том үүд хаалга нээгдлээ гэдгийг захирал Д.Энхжаргал онцолсон юм.

 


Сангаас эхлүүлж байгаа  ажил нь цаашид АлиБаБа онлайн сайтад эрдэмтдийн оюуны үнэт бүтээл арилжаалагдахаас гадна монгол брэндийн гадаад дахь мэдээлэл, сурталчилгааны эх сурвалж болох юм. Эхний ээлжинд АлиБаБа-гийн Монголд дахь салбараар дамжуулан олон улсад бүтээгдэхүүнээ байршуулах талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрэхэд нэг шат ахилаа.

 


Тун удахгүй худалдагч, худалдан авагчийг холбосон худалдааны дэд бүтцээрээ дэлхийд танигдсан ALibaba.com-д монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнээр танигдаж, улмаар олон орны бүтээлтэй өрсөлдөх зах зээлийн гарцыг нээх ажлын эхлэлийг ийнхүү алхам алхамаар гүйцэтгэж байгаагаа дуулгахад таатай байна.
Нийгмийн хариуцлагын үүднээс монгол эрдэмтдийн оюуны өмчийн соёлыг бий болгож, үнэлж, хөгжүүлэх үүднээс http://stf.mn/ буюу shopstf.mn цахим худалдааг Монголдоо санаачлан, түгээн дэлгэрүүлж байгаа эх орны баялаг бүтээгч Та бүхэндээ өнөөдрийн арга хэмжээг хамтран зохион байгуулж дэмжин ажилласанд баярлалаа.


ШУТСАН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.