ШУТСан нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх ажлын эхлэл амжилттай үргэлжилж байна


662

Нийтэлсэн

17.10.06

Share

ШУТСан нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх ажлын хүрээнд хараагүй иргэдийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр буюу 2017 оны 10 сарын 06-ны өдөр зочилж,  сурган хүмүүжүүлэгч багш, суралцагчдын төлөөлөгчтэй уулзаж, үйл ажиллагааны нэгж бүртэй танилцлаа.

Мэргэжил эзэмшүүлэх төвийг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо ажиллуулдаг бөгөөд  гар урлал, компьютер, бариа засал, бариста бэлтгэх мэргэжлийн сургалтыг тусгай системээр дадлага онолтой хослуулан хичээллүүлдэг ажээ. Нэг ангийнханд насны хязгаар байдаггүй хүссэн бүхэнд тус төв нээлттэй, сургалт үнэ төлбөргүй. Суралцагчдын дийлэнх нь хөдөө орон нутгийнхан, суралцах хугацаандаа дотуур байрандаа амьдарна. Насны хувьд 16-гаас 30 насныхан голлох ч дунд хичээл насныхан ч суралцаж байв. Түүнчлэн 60-иад насныхан хүртэл суралцаж байх нь содон төдийгүй амьдрал хязгааргүй баялаг, амьдралд хүмүүс дэндүү хайртай гэдгийг алхам тутамд мэдрүүллээ. Харааны бэрхшээлтэй гэж хэлэмгүй хичээнгүйлэн суралцагч цагаан таягтнуудад маань зургаа дахь мэдэрхүй, сэтгэлийн их хат, авъяас чадвар заяасанд ШУТСангийн ажилтан, МХҮХ-ны сайн дурын дэмжигч гишүүн бид бүхэн бахархаж, шагшиж, баярлаж, сэтгэлдээ олон сайхан дурсамжийг мөнхөлж үлдээлээ.

Тус холбоонд гишүүнчлэлтэй 1600 хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийг Д.Гэрэл даргатай МХҮХолбоо амьдралд "хөтөлж", нийгэмд бие даан амьдрах чадварыг олгодог гэхэд болно. Дунд голын дэнж дэх цагаан байшинд сэтгэлдээ нүдтэй цагаан таягтнууд ийнхүү юунд ч түүртэхгүй аз жаргалтайгаар суралцангаа нийгэмшиж, бас амьдралыг өөр өөрийн өнгөөр нэмж явна.

Манай хоёр байгууллага өнгөрсөн 8 дугаар сард "Санамж бичиг" байгуулснаар эхний ээлжинд хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийн хүрээнд хамгийн их тулгамдсан сурах бичгийн хомсдолыг арилгахад анхаарлаа хандуулж нийгмийн хариуцлага хүлээсэн юм. Энэ хариуцлагын хүрээнд 2017-2018 оны хичээлийн шинэ жилд хөдөө орон нутгийн сургалтын төв, 116 дугаар тусгай сургуулийн 1-5 ангийн сурагчдыг баррель-кирилл хосолсон сурах бичигтэй болгох зорилготой байлаа.

Энэ ажил өнөөдөр эхлэлээ тавьсан гэхэд болно. МХҮХ-ныхон өнөөдрийн бэлэгт сайн өдөр хэвлэлийн тусгай баррель машинтай болсноо бидэнд үзүүлж,  тун удахгүй сурах бичгийн эх бэлтгэлийн ажилдаа орох төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан юм.

Шив шинэхэн хэвлэлийн машинаар харааны бэрхшээлтэй сурагчдад ерөнхий эрдмийн бага боловсрол олгох бүх хичээлийн сурах бичгийг хэвлэхээс гадна хичээлээс гадуур унших үлгэрийн "Жангарын туульс" анхны баррель ном хүүхдүүдийн гарт очно. 

ШУТС-ийн хамт олон номын үр дэлгэрүүлэх үйлсэд хамтран оролцох болсонд туйлын баяртай байна. Номын үр үржин дэлгэрч Монголын хойч үе эрдэмд шамдан суралцах болтугай.

 

 

Баррель эх бэлтгэлийн төв

 

Бариа заслын сургалтын төв. Энд суралцагчид 2 жил суралцаад төгсдөг. Ажлын байр элбэг. Цаашид улсын эмнэлгүүдийн физик, эрүүл ахуйн

кабинетад ажиллах боломжийг ЭМЯ-тай ярилцаж ажил хэрэг болгоно.

Компьютер баррель сургалтын төв.

Гар урлалын анги. Энэ ангийнхан биеийн тамирын хичээлдээ орсон тул эзгүй байлаа.

 

Бариста бэлтгэх 2 дахь элсэлтийн нэг ангийнхан. 5 сар суралцаад мэргэшсэн бариста бэлтгэгдэнэ. Анхны 6 төгсөгчийн 3 нь кофе шопид ажиллаж байгаа гэнэ. Анхны төгсөгч нь "Мэргэжлээрээ од болж байгаа" тухайгаа өчигдөр утсаар ярихдаа хэллээ хэмээн Д.Гэрэл дарга төгсөгчдөөрөө бахархлаа. Биднийг кофегаар дайлсан бариста нар харааны бэрхшээлтэй гэвэл үнэмшихийн аргагүй. Манай бариста нарын багш нь КОЙКА-гийн төслийн солонгос багш. Шавь нар нь мэргэжилдээ дуртай, сонирхолтой. Бас мэргэжлийн англи хэлийг хичээнгүйлэн суралцаж байгаа гэсэн. Хамгийн гайхалтай давуу тал нь тэдэнд заяасан ур чадвар нь 6 дахь мэдэрхүй бололтой. Бариста нарын бэлтгэсэн кофе амттай, үнэр ч тасархай, тансаг байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

,

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.