МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫНХАН ОЛОН УЛСЫН “МАНЖУУР-2018” ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ 5 ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ


1573

Нийтэлсэн

18.07.17

Share

Олон улсын 15 дах удаагийн “Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн” энэ сарын 6-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотноо болж, Монголын эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ. 

 

Зүүн хойд Азийн бизнесийн төвлөрөл болсон  Манжуурын үзэсгэлэнд энэ жил дэлхийн 22 орны 1000 гаруй төлөөлөгч оролцсон ба оролцогч улс орнууд тухайн жилдээ бүтээсэн шинжлэх ухааны шилдэг, шилмэл шинэ техник, технологийн ноу хауг экспортын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн таниулж, технологи дамжуулалт, худалдан авалт, харилцан түншлэл тогтоох, мэдлэг, мэдээлэл солилцох зорилгоор жилдээ нэг хуран чуулдаг билээ.

 

 

 

 

“Торгоны зам”-аар нэгдсэн Хятад, Орос, Белорусь, Солонгос, Пакистан, Турк, Мьянмар, Якут зэрэг оролцогч 20 гаруй орнууд шинэ технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан бол Монголоос шинжлэх ухааны салбартаа тэргүүлэгч эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн 29 байгууллагын 60 гаруй төлөөлөгч 200 гаруй нэр төрлийн ургамал, амьтан, биологийн гаралтай эм, эмчилгээний биобэлдмэл, арт урлал, гоо сайхан, хүнс, цагаан идээ, арьс шир, ноос ноолуур зэрэг инновацийн эко 4000 орчим бүтээгдэхүүнээрээ Манжуурын үзэсгэлэнд оролцсон юм.

 

 

 

 

 


2018 оны хувьд хөдөө аж ахуйн чиглэлээр дагнана гэдгийг хятадын талаас мэдэгдсэн тул манай хүрээлэнгийн орон нутгийн салбар хүрээлэнгээс түлхүү оролцсон ба “Хятад-Монголын Шинжлэх ухаан хамтын ажиллагааны семинар”, “Нэг бүс - Нэг эдийн засаг” олон улсын салбар хуралдааны дараа Монгол талын санаачлагаар манай МЭХ, НЭМҮТ, МУИС-ийн удирдлагууд олон улсын таван байгууллагатай хамтран ажиллах "Санамж бичиг" үзэглэв. Тухайлбал, НЭМҮТ Хятадын эрдэм шинжилгээ, судалгааны гурван байгууллагатай дараахь чиглэлээр хамтран ажиллах болов. 

1. Өвөр Монголын Хөдөө аж ахуйн сургуультай  “Цаг уурын өөрчлөлтөөс малын гаралтай хоол тэжээлийн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх судалгаа”;

2. Ордос хотын Орчныг хамгаалах технологийн төвтэй “Орчны бохирдлын судалгаа”;

3. Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн харъяа Нэгдүгээр эмнэлгийн цөмийн шинжилгээний лабораторитай “Халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох” чиглэлээр тус тус хамтран ажиллана.

Монголын хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, суурь судалгаа, инновацийн экосистем, хүрээлэнгүүдийн дэргэдэх гарааны компаниудын үйл ажиллагаа, хөгжлийн талаар бүс нутгийн 22 орны төлөөлөгч оролцсон форумд Монголыг төлөөлж доктор Р.Цогтбаатар илтгэл тавьсан юм.

Ийнхүү Монголын нэрийн хуудас болсон эрдэмтэн, доктор, эрдэм шинжилгээний ажилтан, инноваци бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгч, бодлого баригчдын төлөөллийн бүрэлдэхүүнтэй энэ жилийн олон улсын үзэсгэлэнгийн Монгол талыг БСШУС-ын Сайдын зөвлөх Б.Ганбат ахалж, манай багийнхан Монгол брэндээ дэлхий дахинаа таниулан сурталчлах, түншийн холбоо тогтоох бизнесийн хүрээллээ тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцож, тус бүртээ мэдлэг хуримтлуулж, туршлагаа баяжуулан, алдаа оноогоо дэнсэлж, Монгол эрдэмтдийн өмнө ямар боломж нээлттэйг олж харах, олон улсад технологи дамжуулах гүүр гарц бий болгох олон зорилго дэвшүүлсний нэг нь Чөлөөт худалдааны бүсэд байнгын үйл ажиллагаатай худалдааны газартай болох асуудал байлаа. 

 

 

 

Явсан ажлын зорилго биелэлээ олбол Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүнийг импортлож, худалдан нийлүүлэх боломж нээлттэй болох юм. Олон улсын үзэсгэлэнд оролцогч төлөөлөгчид манай био бордоо, адууны өвчин оношлох оношлуур зэргийг маш их сонирхож байсан нь тухайн бүтээгдэхүүнийг сайн сурталчилж чадсаных төдийгүй багийн гишүүн бүр үзэсгэлэндээ амжилттай, чанартай, сэтгэлтэй оролцсон гэдгийг ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал онцолж, нэг баг болж хамтран ажилласан шинжлэх ухааны салбарын оюунлаг залуустаа талархаж, ажлын амжилт хүссэнийг Та бүхэндээ дамжуулья.

 

 

 

 


Жил бүрийн үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажилладаг ШУТСанг ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулж улмаар хөдөө аж ахуйн салбарт 9 чиглэлээр хамтран ажиллахаар БНХАУ-ын ШУЯ-ны холбогдох удирдлагуудтай тохиролцож улмаар эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүн нийлүүлэх Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах бүтээлч ажлын саналаа уламжилсныг Ажлын хэсгийн ахлагч Б.Ганбат зөвлөх сайшааж ШУТСанг санхүүжүүлэгч байгууллагаас гадна “сайн менежер” байж чадлаа хэмээн “Манжуур 2018” оны томилолтын үр дүнг дүгнэсэн юм.

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.