“100 САЯАС ХЯЗГААРГҮЙ” ЭРДЭМТДИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


303

Нийтэлсэн

18.09.06

Share

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын "Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-100 саяын шагнал хүртсэн 5 эрдэмтэдтэй уулзах нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн шинэ номын сангийн хурлын танхимд өнөөдөр /2018.09.05/ боллоо. Шинжлэх ухаан, технологийг түгээн дэлгэрүүлж, улс орныхоо эдийн засагт бодиттой хувь нэмэр оруулж буй академич, эрдэмтэн, инженер нэр хүндтэй эрхэмүүдтэй нүүр тулан уулзаж мэдлэг, үнэтэй сайхан үг, сургаал, ажлын туршлага солилцох арга хэмжээнд Монгол Улсын ШУА-ын академич, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, залуу судлаач, МУИС, ШУТИС-ийн багш, оюутан, ТЭЦ-II-ын инженерийн төлөөлөл зэрэг 100 орчим зочид оролцов. 

Шинжлэх ухаан технологийн сан 25 жилийн ойн хүрээнд эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлж, таниулах, оюуны өмчийг үнэлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологи дамжуулах, эдийн засгийн эргэлтэд оруулж, салбар дунд, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, дэмжих, харилцан туршлага солилцох, залуу үеийг бэлтгэх, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх зорилгоор “100 000 000-аас хязгааргүй” нээлттэй хэлэлцүүлгийг  зохион байгуулсан юм.

БСШУСЯ Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолын дагуу “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-д эрдэмтдийн бүтээлийг нэр дэвшүүлснээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гурван академич, нэг эрдэмтэн, нэг инженер 100 сая төгрөгийн шагналын сантай нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. 

Шилдэг бүтээлийн анхны шагналыг 2008 онд Математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, академич С.ТӨМӨРБАТ “Цагиргийн радикал онолын зарим асуудал болон шийдэгдээгүй асуудлууд цуврал бүтээл”, 2012 онд Байгалийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, академич Х.НАМСРАЙ “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндэс”, 2013 онд Техникийн ухааны магистр (MSc) инженер Н.НАЦАГНЯМ “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори”, 2015 онд Химийн ухааны доктор (Sc.D) Д.ДЭМБЭРЭЛНЯМБА “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”, 2016 онд Химийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, МУ-ын төрийн шагналт, академич Д.БАТСҮРЭН “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээр шалгарсан 5 эрдэмтэн “100 000 000-аас хязгааргүй” хэлэлцүүлгийн анхны хүндэт зочид болов.

 

 

 

 

 


Мөн ШУТСангийн урилгаар ШУА-ийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, Техникийн ухааны доктор (Ph.D) Г.ПҮРЭВДОРЖ, МУИС-ийн УЗ-ийн нарийн бичгийн дарга, дэд профессор, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)/ Д.ЗАЯАБААТАР нар зочин модератораар ажиллаж, арга хэмжээг хөтлөн явууллаа.

 

 

 

 

“Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулсан 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг хүндэтгэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Соёл судлалын хүрээлэнгийн ЭША, урлаг судлаач Б.Магсаржав,  НЭМҮТ-ийн ЭША, СТА О.Оюун-Эрдэнэ нар ая дууны мэндчилгээ өргөв.  

Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын хүний гавьяат эмч, Дэлхийн уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн дэд тэргүүн, “Одь тан” ХХК-ийн захирал П.Баатар, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн уламжлалтын эмч нарт үзүүлэх зочдын дараалал “багахан” үүсч, судас бариулж, онош тогтоолгож, зөвлөгөө авцгаасан ба “Одь тан” ХХК, “Монхимо” ХХК-ийн эрдэмтдийн эко инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, дээж бүтээгдэхүүнтэй гарын бэлэг солилцлоо.

 


    
Оролцогч байгууллага:
●    Физик технологийн хүрээлэн
●    Хими, химийн технологийн хүрээлэн
●    Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
●    Анагаах ухааны хүрээлэн
●    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
●    Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
●    “Монхимо” ХХК
●    “Одь тан”  ХХК
●    МУИС
●    ШУТИС
●    ТЭЦ-II-ийн хамт олондоо баярлалаа.
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.