"Эх оронч худалдан авалт- үндэсний үйлдвэрлэл-2019” Үзэсгэлэнд эрдэмтэд инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна


491

Нийтэлсэн

19.04.03

Share

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн бүх яам, салбар чиглэлийн төрийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж, Мишээл Экспо-гийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр /2019.04.02/ нээлтээ хийлээ.

 

 


ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хоёр өдрийн ЭКСПО-д БСШУСЯ-ны харьяа ШУТСангийн санхүүжилттэй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын дэргэдэх гарааны компанийн эрдэмтэн, судлаачид төрийн худалдаанд санал болгох инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцлоо.


Монгол Улсын хөгжилд шинжлэх ухаан, технологийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг арилжаалах, эргэлтэд оруулахад бизнес, худалдааны дэмжлэг болсон “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн хөнгөн, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэндийн инноваци шингэсэн монгол брэндийн сорчилсон бүтээгдэхүүнүүд тавигдсан байв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон” гэдгээ үзэсгэлэнгийн нээлтэд онцлон хэлсэн юм.


Тиймээс 2019 оны “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжсэн хөтөлбөрийн дагуу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичиг Б.Баярсайхан, ХХААХҮЯ-ыг төлөөлж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нар төр-бизнесийн түншлэлийн хүрээнд МХАҮТ-тай тус тус “Санамж бичиг” солилцов.


ШУТСан Монгол Улсын хөгжлийг түргэсгэхэд мэдлэгийн инновацийг бизнесийн салбартай холбож инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бааз суурийг нэмэгдүүлэх, судалгааны шинэ технологийг нэвтрүүлэх, худалдан авалтын хөнгөлөлт, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох, салбарын хөгжлийг хангах чиглэлээр улсын төсвийн санхүүжилттэй инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЭШБ, гарааны компаниудтай хамтран энэ ЭКСПО-д амжилттай оролцлоо.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайхан, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичиг Б.Баярсайхан болон албаны төлөөлөгчид инноваци үйлдвэрлэгчидтэй уулзаж, импортыг орлох бүтээгдэхүүнтэй биечлэн явж танилцсан.


Тэр тусмаа манай Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, “Армона” корпорацийн эко арьс шир боловсруулалтын инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэлт, хүчин чадал, нөөц боломж, өрсөлдөх чадвар зэргийг ихэд сонирхож байсан ба дэлхийн жишигт хүрэхүйц бүтээгдэхүүнээ эрдэмтэд өөрсдөө нэлээдгүй сайн танилцуулж, үйлдвэрлэлийнхээ маркетинг хийж чадсан юм.


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтдийн нутагшуулсан эко боловсруулалттай торго шиг зөөлөн нэхий, савхины арьс боловсруулалтын шинэ технологитой ойрын үед очиж танилцах хүсэлтээ байгаагаа илэрхийлж байв.

 

 

 

 


Юутай ч манай эрдэмтдийн судалгаа, туршилтын “бяцхан” үйлдвэртэй хотын дарга зочлох цаг гаргаснаар доктор Т.Төрмөнх захиралтай тус хүрээлэнгийн 60 гаруй нэрийн бүтээгдэхүүн “Эх оронч худалдан авалт”-д нийслэлийн ЗДТГ-тай хамтарч ажиллах санал, санаачлага гаргах боломж ирж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.