МОНГОЛЫН АНХНЫ САТРЕПС ТӨСӨЛ МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН ДЭЭР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ


1385

Нийтэлсэн

19.04.19

Share

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага – ЖАЙКА нь хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлийг хамтын ажиллагааны нэг тулгуур болгон дэвшүүлж,  аж үйлдвэрийг төрөлжүүлэх тал дээр Монгол улсын голлох аж ахуйн салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжин ажиллаж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд “Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсгэгддэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь”  төслийг (түгээмэл нэр нь SATREPS төсөл)-ийг 2014 оноос хэрэгжүүлж байна.  

САТРЕПС нь дэлхийн олон улсуудад хэрэгждэг "Тогтвортой хөгжлийн төлөөх Шинжлэх ухаан, Технологийн хамтарсан судалгаа" –ны хөтөлбөр бөгөөд дэлхийн 50 гаруй оронд хэрэгжиж байна. САТРЕПС-ийн анхны төслийг 2014 оноос Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн харьяа Мал Эмнэлгийн Хүрээлэн, Япон улсын Обихирогийн Мал Эмнэлэг, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран амжилттай хэрэгжүүлээд дуусах шатандаа ороод байна. 
“Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт энэхүү төслийг Япон улсын ЖАЙКА байгууллага болон Японы Эрүүл мэндийн шинжлэх ухааныг дэмжих сан хамтран 5 жилийн хугацаанд 4,8 сая орчим ам. доллараар санхүүжүүлсэн бөгөөд өнөөдөр төслийн үр дүнгээ олон нийтэд танилцуулах нээлттэй семинар болон орон нутгийн малын эмч нарын чадавхийг сайжруулах, төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх дадлага олгох сургалт 2019 оны 4-р сарын 18 нд ХААИС болон Мал эмнэлгийн хүрээлэн дээр боллоо.

 

Энэхүү нээлттэй семинарын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Бодлогын Газрын дарга С. Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал С. Намсрайжав, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Малын ерөнхий эмч Д. Түмэндэмбэрэл, Япон Улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Т, Мацухаши, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Т. Ёшимура, ХААИС-ын захирал Т. Хэрүүга нар баяр хүргэж үг хэллээ. Төслийн Монгол талын удирдагч, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал  доктор, профессор Б. Батцэцэг, төслийн дэд удирдагч доктор, профессор Б.Баттөр нар төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүллээ. Семинарын үйл ажиллагаанд  ХХААХҮЯ, МЭЕГ, МХЕГ-ын төлөөлөл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон Алт төсөл, АДРА, ИФАД зэрэг олон улсын байгууллага, Хустайн байгалийн цогцолбор газар, Хомын талын тахь ТББ, нийслэл болон аймгуудын мал эмнэлгийн лабораторийн эмч, судлаач нар нийт 70 гаруй хүн оролцов.

Японы Обихиро их сургуультай хамтран монгол оронд  тохиолддог мал амьтны эгэл биетнээр үүсгэгддэг трипанасомоз, пироплазмоз тархалтын судалгаа, түргэвчилсэн оношлогооны арга, тэмцэх зөвлөмж боловсруулах замаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн  судалгаа туршилтын чадавхийг сайжруулах зорилгын хүрээнд 5 жилийн хугацаанд 4,8 сая ам. долларын санхүүжилтийн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжлээ.

 

Төслийн хугацаанд Монгол, Японы хамтарсан багийн судлаачид монгол оронд өргөн хүрээтэй судалгаа хийгдэж байгаагүй адуу, үхрийн хачгийн халуун, адууны нийлүүлгийн өвчин, бог малын анаплазмоз зэрэг 6 төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг мал, амьтны өвчний тархалт, эгэл биетэн цусны шимэгчийг дамжуулагч 7 зүйлийн бэлчээрийн хачгийн тархалтын зураглалыг сум, аймаг, улсын хэмжээнд нарийвчлан гаргаж, адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн болон  адуу, үхрийн хачгийн халуун, анаплазмоз өвчнийг оношлох ийлдэс судлалын болон молекул биологийн нийт 9 шинэ арга, оношлуурыг  тус тус бий болгож үлйдвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна. Эгэл биетнээр үүсдэг нэр бүхий 4 өвчинтэй тэмцэх заавруудыг батлуулж малын эмч нартаа хүргүүллээ. Төслийн  судалгааны үр дүнгээр нийт 82 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэнээс 30 гаруйг нь олон улсын импакт фактортой сэтгүүлд нийтлүүлж олны хүртээл болгоод байна.
Төслийн үр дүнгээр монгол талын 2 залуу судлаач Япон улсад докторын зэрэг хамгаалж 2 судлаач монголдоо магистрын зэрэг хамгаалан залуу судлаачид нийт давхардсан тоогоор 50 гаруй удаа Японы Их сургуульд лабораторийн нарийн арга зүй эзэмшиж суралцан орон нутгийн эмч нарт 6 удаа сургалт семинар зохион байгуулжээ.

 

Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны орчин, технологийн хүчин чадал нэмэгдэж Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лабораторит нийт 20 гаруй өндөр бүтээмжит шинэ багаж тоног төхөөрөмж суурилуулаад байна. 
Энэхүү үйл ажиллагаа маргааш бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн эмч нарт төслөөс гарсан үр дүнгүүдийг танилцуулах, адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн оношлуур, адууны хачгийн халуун, нийлүүлгийн өвчний фермент холбоот эсрэг биемийн урвалын оношлууруудыг хэрхэн ашиглах, үр дүнд дүн шинжилгээ хийх, нэр дурдсан өвчний үед өвчилсөн малд үзүүлэх клиник шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн өөрчлөлттэй танилцан, эмчилгээний аргад суралцах лабораторийн сургалтаар үргэлжилнэ. Семинар, сургалтын үеэр САТРЕПС төслийн үр дүнгийн тайланг нэгтгэсэн аймаг сумын түвшинд гарсан өвчний тархалтын зураглалын өнгөт атлас, зурагт номыг оролцогчдод түгээх ажлыг зохион байгуулаад байна.

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.