“ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


295

Нийтэлсэн

19.07.10

Share

Шинжлэх ухаан технологийн сангийн захирал С.Намсрайжав Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үзэг зурав. 
ШУТСан нь 2017 онд  улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон биет бус хоёр бүтээлийг үнэлж монгол эрдэмтдийн чансааг дэлхийн зах зээлд таниулах эхлэлийг тавьсан билээ.  
Цаашид хоёр байгууллага Монгол Улсын оюуны өмчийн харилцаа, эрх зүйн зохицуулалтаар шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын биет болон биет бус оюуны бүтээлийг патентжуулж улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах хамгийн том хөшүүрэг болох оюуны өмчийн үнэлгээний ажлыг тогтмолжуулах, лицензээр ашиглах, технологи дамжуулах тогтолцоог бүрдүүлэхэд анхааран ажиллах юм.
Улс хувьсгалын баяр наадмын өмнөх энэ өдөр буюу 2019.07.10-нд харилцан солилцсон “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд дараах ажлыг хамтран хэрэгжүүлэх боллоо.

Үүнд:
        • Оюуны өмчийг үнэлэх үнэлгээний Ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэн байгуулах;
        • Эрдэмтдийн саналын дагуу биет бус оюуны өмчийг үнэлж, баталгаажуулах;
        • Инновацийн төслийн сонгон шалгаруулалтад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, 
          ашигтай загвар, барааны тэмдэгт, бүтээгдэхүүний загварыг анхаарч авч үзэх;
        • Судалгаа шинжилгээний ажлын үр дүнг оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэснээр шинэ бүтээл, 
          ашигтай загвар, зохиогчийн эрхээр гэрчилгээжүүлэх;
        • Эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг улс орны эдийн засгийн эргэлтэд оруулах;
        • Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын үйл ажиллагааг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн 
          засгийг бүтээх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, 
          биет бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
       • Оюуны өмчийн соёлыг бүх нийтэд түгээж, оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, 
          хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах;
Технологийн шийдэлтэй оюуны биет бус патентийг ашиглаж эх орны бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, инженер нартаа хамтран ажиллах нь хоёр байгууллагын үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг ОӨГ-ын дарга Э.Эрдэнэсүрэн онцолж байв.
Мөн хоёр байгууллагын удирдлагууд шинжлэх ухаан, технологийн салбарын инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дэд бүтэц, маркетинг, менежментийн эко тогтолцоо бүрдэх ажлын эхлэл болсон өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүсч, тухайн сэдвээр товч санал солилцлоо. 
ШУТСангийн “Оюуны өмчийн мэдээллийн сан”-д 1975 оноос хойшхи шинийг санаачлагч инженер, техникийн ажилтан, үе үеийн эрдэмтэн, судлаачдын оюуны өмчийн талаарх мэдээллийг оруулж, ”Итгэмжлэн хадгалагч”-ийн үүргийн хүрээнд бүртгэлтэй 18660 шинэ санаачилга (тухайн үед шинэ бүтээл, оновчтой санал-ШБОС гэж нэрлэдэг байсан), 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 120 гаруй зохиогчийн эрх, 239 ашигтай загвар, 308 шинэ бүтээл /патент/-ийн мэдээлэл тус тус байна. 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.