ДИССЕРТАЦИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ



Уламжлалт Анагаах Ухааны эмнэлгийн тусламж, эрэлт хэрэгцээ ба менежментийн зарим асуудал

Р.Байгалмаа

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2560

Хамгаалсан он: 2010

Судалгааны үндэслэл
Дэлхийн улс үндэстнүүд өөр өөрсдийн уламжлалт анагаах ухааныг судлан дэлгэрүүлж буй өнөө үед монголчууд уламжлалт анагаах ухааныхаа их өв, соёлыг сэргээн хөгжүүлэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ төлөв, хандлагыг бий болгож байна.
ДЭМБ-ын зүгээс,дэлхийн улс орнуудад хандан тодорхой судалгаа, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх талаар зөвлөж байна.
Монгол улсад 1990-ээд оноос хойш МУАУ-ыг хөгжүүлэх үндсэн чиглэл 2 удаа, ”МУАУны талаар төрөөс баримтлах бодлого,” Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, түүний хүрээнд хийгдэх уламжлалт ба орчин үеийн анагаахын нэгдсэн онолын судалгааны төлөвлөгөө, 2006-2015 он хүртэлх хугацаанд хийх бодлогын шинэчлэл “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”, “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжүүлэх хүрээ (2006-2010 он), зэрэг баримт бичгүүд боловсрогдон хэрэгжүүлж байгаа ч хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлүүдийн дотроос ямар өвчний аль үе шатанд, эмнэлзүйн ямар хэлбэрийнх нь үед уламжлалт эмчилгээний ямар аргууд илүү үр дүн өгч буй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалууд дахь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэх зэрэг нь тодорхой судлагдаагүй байна
Мөн уламжлалт анагаахын урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээ, эмнэлзүйн удирдамж, стандартууд бүрэн боловсрогдон гараагүй, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоонд хамрагдаагүй, уламжлалт эмчилгээний тусламж эрхэлдэг эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны чиглэл,шатлал тодорхойгүй, тусламжийн болон мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ зэрэг хараахан судлагдаж, тодорхойлогдоогүй асуудлууд байсаар байна.Энэхүү нөхцөл байдал нь Уламжлалт анагаах ухааны цаашдын хөгжлийг тодорхойлох,тусламж үйлчилгээний менежментийг боловсронгуй болгоход тулгамдсан асуудал болж байна.
Судалгааны зорилго:
Монголын уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, ба цаашдын хөгжлийн чиг хандлагыг судлан тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын зорилт:
1.Монгол улсад Эрүүл мэндийн тогтолцоо бий болсон 1921 оноос хойш УАУ-ы тусламж,үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг үечлэн судлах,
2.МУАУ-ы тусламж үйлчилгээг , эмнэлгийн үйлчилгээний шатлалаар харьцуулан судлах
3.Уламжлалт анагаахын тусламж үйлчилгээний хүчин чадал, хүний нөөцийн хангамж эрэлт хэрэгцээг судлан тогтоох
4.Өрнө, дорнын анагаах ухааны уялдаанд суурилсан эрүүл мэндийн тогтолцооны болон уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг үзүүлэх менежментийн загварыг боловсруулах
Судалгааны арга
Судалгаанд Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гурван шатлалтай уялдуулан сумын, аймгийн, улсын түвшинд тусламж, үйлчилгээ үзүүлж буй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эмнэлэг, Хэнтий аймгийн Уламжлалт анагаахын төв,Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпорацийн клиникийн эмнэлэгүүдэд 2006-2007 онд хэвтэж эмчлүүлэн, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ хүртсэн нийт 10898 хүнээс эх олонлогийн тоо нь тодорхой түүврийн хувь тогтоох түүврийн хэмжээг тодорхойлох томъёог ашиглан 952 өвчний түүхэнд санамсаргүйгээр сонгож,тодорхой тооны алхмаар системчлэн түүвэрлэх аргыг хэрэглэлээ.
Судалгааны мэдээллийг уламжлалт анагаах ухааны түүхийн баримт бичиг, хууль эрх зүйн акт, тушаал журмууд болон холбогдох баримт бичгүүдээс, урьдчилан боловсруулсан стандарт асуумжаар үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг, тусламж, үйлчилгээний мэдээллийг 2006-2007 онд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн өвчний түүхээс тус тус авч судалсан.
Баримт бичгийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргаар бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийлээ. Судалгааны өгөгдлийн тоон мэдээлэлд дескриптив шинжилгээ хийж, холбогдох таамаглалыг дэвшүүлэн, статистик тестүүдээр шалгаж, үр дүнд боловсруулалт хийсэн.
Судалгааны үр дүн
1. Монгол улсад эрүүл мэндийн тогтолцоо бий болсон 1921 оноос хойш хугацаанд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг бодлогын түвшинд зохион байгуулж байсан үйл ажиллагаануудыг дүгнэн үзэхэд МУАУ ба ОҮАУ-ыг зэрэгцүүлэн хөгжүүлэх эхлэлийг тавьсан үе(1921- 1930), МУАУ-ыг төрийн үйлчилгээнээс хассан үе(1930- 1958), МУАУ-ыг сэргээн хөгжүүлэх бодлогыг баримталж эхэлсэн үе(1959 -1999), МУАУ эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн болж баталгаажсан үе (1999 одоог хүртэл) гэсэн үечлэл бүхий байна.
2.Уламжлалт анагаахын тусламж үзүүлж буй гурван шатлалаас сонгогдсон 3 эмнэлгүүдэд эмэгтэйчүүд, 35-аас дээш насныхан илүү хандаж байгаа ба орчин үеийн анагаахын оношлогоо эмчилгээний арга барилыг хослуулан хэрэглэх байдал шатлал ахих тутам буурч, уламжлалт оношлогоо заслын төрөл, эмчлүүлэгчдийн эдгэрэл сайжирлын хувь шатлал ахих тутам нэмэгдэж байна.
3.УАУ-ы эмнэлгийн тусламжийг хүн амын эрэлт хэрэгцээнд үндэслэн мэргэжлийн эмчийн тоог 10000 хүн амд 2.6, орны тоог 11,6 болгон нэмэгдүүлэх, шаардлага байна.
4.Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхдээ тусламж үйлчилгээний гурван шатлалд нийцүүлэн МУАУ ба ОҮАУ гэсэн харилцан хосолсон тогтолцоог бүрдүүлж,төрийн боодлогоор дэмжин, мэргэжлийн тусламж, үйлчилгээний удирдамж зохицуулалт, менежментийг боловсронгуй болгох шаардлагатай байна.







Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Утас:312642